Uncategorized

Монголын панденомикс

Хүн төрөлхтөн КОВИД-19 гэх цар тахалтай (pandemia) хоёр жил шахуу тэмцсээр байгаа ч тулалдаан үргэлжилсээр байна. Дэлхий даяар эдүгээ (21.08.26) 215 сая хүн халдвар авснаас, 4.5 сая нь нас барлаа. Олон оронд нийгэм, эдийн засгийн (economics) байдал хүндэрч, буурай хөгжилтэй орнууд цөхөрч, зарим нь сөхөрч байна. Монголд 202 мянган хүн халдвар авч, 919 нь нас баржээ.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2bf5d5d4ac97f%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff9565a5fbf1f8%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2ba9&layout=quote&locale=en_US&sdk=joey

Дэлхий даяар цар тахалтай зэрэгцэн, ихэнхдээ түүнээс шалтгаалж цахим шилжилт хурдасч, даяаршил удааширч, геополитик хурцдаж байна. Энэ гурван том суурь хөдөлгөөнд улс орон бүр дасан зохицож, дадал зуршлаа өөрчлөн, төр засгийн бодлогоо тохируулан хөглөж байна.

2020 оны 2 сараас Монгол Улс хилээ хааснаар, арван сарын турш дотооддоо халдвар алдсангүй явлаа. Энэ хугацаанд хөгжсөн орнууд вакцин бүтээж, туршиж, үйлдвэрлэж эхэлсэн нь цар тахалтай байлдахад манайд давуу тал болсон. 2020 оны шил дараалсан хатуу хөл хорионы улмаас эдийн засаг таг зогсов. ДНБ сүүлийн гучин жилд анх удаа буурч 2020 онд хасах 5.3 хувьд хүрэв.

2021 оны 1 сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг” батлав. Эрүүл мэнд, эдийн засгийн салбар гэсэн хоёр фронт дээр зэрэг явуулж буй энэ тулаанд Монгол Улс ямар үр дүнд хүрсэн, юунд анхаарах хэрэгтэй вэ?

Эрүүл мэндийн фронт дээр

Эдүгээ Монгол Улс 5.6 сая тун вакцин гаднаас авчирсны 73 хувийг худалдан авчээ. Одоо хүн амынхаа 63 хувийг хоёр, 68 хувийг нэг тунд хамруулсан нь дэлхийн эхний 15 улсад багтав. Вакцин нь халдвараас 75, үхлээс 93 хувиар сэргийлж байгааг ХӨСҮТ-ийн судалгаа харуулж байна. Тиймээс манай хүн амын 6 хувь нь халдвар авсны 0.5 хувь нь нас бараад буй нь дэлхийн дунджаас 5 дахин бага байна. Нас барагсдын 80 хувь нь вакцин огт тариулаагүй, эсвэл нэг тун авсан байжээ. Хүн ам цөөн, цаг алдалгүй түргэн вакцинжуулсны үр дүнд өнөөдөр тархалт нь саарахгүй байгаа ч, халдсанд нь хөнгөн тусч, түргэн эдгэрч байна. Манай эрүүл мэндийн салбарын ажилчид шаргуу зүтгэж, онцгой үүрэг гүйцэтгэж байна. Ойрмог хүн амын 70 хувийг вакцинжуулснаар “сүргийн дархлаа” тогтоно гэж УОК мэдээлжээ.

Боловсролын салбарт цар тахал онцгой нөлөөлж байна. Иргэдийн шахалтаар бараг хоёр жил тасарсан танхимын сургалтыг энэ есдүгээр сарын 1-ээс эхлүүлнэ. Хэдийгээр 12-17 насны хүүхдүүдийн 82 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан ч, нийт халдварын тоо хоногийн 2000 давах болов. Энэ өдрүүдэд халдвар орон нутагт илүүтэй тархаж, нийт тархалтын гуравны нэг нь дельта хувилбар. Дэлхий даяар энэ хувилбар нь шинэ хэцүү сорилт авчирч байна. Цар тахал манай эрүүл мэндийн дэд бүтцийн сул талуудыг илчилж, боловсон хүчний бэлтгэл, санхүүжилт, үйл ажиллагаанд анхаарах, сайжруулах хэсгүүдийг улам тодруулав.

Эдийн засгийн фронт дээр

Монгол Улсын ДНБ 2021 оны долдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсч, 2020 оны хасах 5.3 хувийн уналтаас V хэлбэрээр сэргэжээ. Төсвийн алдагдал ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэж, өмнөх оны 12 хувиас илт буурчээ. Дэлхий даяар тээвэр, ложистикийн хүндрэлүүд үүсч манай гадаад худалдаанд нөлөөлж байгаа ч, экспортын дийлэнхийг эзэлдэг нүүрс, зэс, төмөр алтны үнийн өсөлт нь төсвийн орлогыг нэмэгдүүлэв.

Засгийн газар эдийн засгийг дэмжих дээрх хөтөлбөрийн хүрээнд, төсвөөс гадна, 10 их наяд төгрөг зах зээлд нийлүүлэхээс, гуравны нэгийг нь эдүгээ гаргаад байна. Үүний 2 их наяд нь ажлын байрыг дэмжих буюу 225 мянган ажлын байрыг авч үлдэхэд зарцуулагдаад байна гэж Сангийн сайд мэдэгдэв. Засгийн газар Монголбанкны Үнэт цаасан дээр хуримтлагдсан арилжааны банкуудын эх үүсвэрийг эргэлтэнд оруулж, 9%-ийн хүүтэй зээлийн зургааг нь гаргаж, иргэд, аж ахуйн нэгжид гурван хувиар, хэт хөнгөлөлттэй зээл олгуулж байна. Энэ зургаан хувь гэдэг нь 2 их наяд төгрөгийн хувьд жилд 120 тэрбумын төсвийн ачаалал болно.

Энэ оны эхний хагаст ААН, айл өрхийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрт 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс, иргэдийн тэтгэврийн зээлийн өрийг тэглэж 964 тэрбум төгрөгийг Эрдэнэс Силвер ресурс төрийн өмчит компаниас гаргуулав. Төрөөс 72 төрлийн халамжийн үйлчилгээ хүн амын 60 хувьд үзүүлж байгаа. 250 мянган хүнд хүнсний талон, 1.2 сая хүүхдэд тус бүр сарын 100 мянган төгрөг өгч байна. 2021 онд халамж ба хүүхдийн мөнгөнд бараг 2 их наяд төгрөг зарцуулна. Хүн амын гуравны нэг нь ядуу байна.

Мөнгөний нийлүүлэлт өссөөр байна. 2021 оны эхний хагаст өмнөх мөн үетэй харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 26 хувь өсч 27 их наяд, хадгаламж 34 хувь өсч 18.6 их наяд (үүний 13.5 нь иргэдийнх) болсон байхад банкуудын олгосон зээл ердөө 12.5 хувь өсч 19.5 их наяд болсон нь бизнесийн итгэл үнэмшил унасныг харуулж байна. Хадгаламжийн хүү буурсан ч, хэмжээ нь өссөөр. Хүн амын гуравны нэг нь хадгаламжтай.

Хөрөнгийн зах зээл анх удаа огцом тэлж байна. (МХБ-ийн зах зээлийн үнэлгээ оны эхэнд 3 их наяд төгрөг байсан бол 7 сарын дотор 4.1 их наяд болов). Орон сууцны үнэ жилийн дотор 11 хувь өссөн (2021 оны 7 сард нийслэлд орон сууцны 1 м.кв үнэ 2.73 сая төгрөг болсон. Тэнхлэг зууч), үнэ нийслэлд 7.8 хувь өслөө.

Ийнхүү үнэ цэнэ бүтээгээгүй байхад мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөснөөс Монгол Улсад эрэлт, нийлүүлэлтээсээ давах боллоо. Манай улсын хоёр фронт дээрх тулалдаан нэг иймэрхүү дүр зурагтай байна.

Монголын цар тахлын эдийн засаг (панденомикс) эдүгээ урт хугацааны үнийн өсөлтийн өмнө байна гэж дүгнэж болно. Ганц манайх ч биш, цар тахалтай тэмцэж иргэддээ бэлэн мөнгө тарааж хэрэглээг нь дэмжсэн бусад улсууд ч мөн адил. Учир нь үнэ цэнэ бүтээгээгүй байхад, мөнгө тарааж эрэлтийг дэмжсэн нь зайлшгүй бараа үйлчилгээний хомсдолыг өдөөж, үнийг хөөрөгддөг. Айсуй инфляци нь эдийн засаг нь манайх шиг энгийн бүтэцтэй, байгалийн баялгаа ухаад борлуулж ганцхан улсад нийлүүлж валют олдог, өөр онцгой экспорт байхгүй оронд аль хэр хүчтэй нөлөөлөх нь эрдсийн үнийн цаашдын хэлбэлзэл, хөршүүдийн ааш авираас хамаарсаар л байх болно.Тийм учраас эдийн засгаа төрөлжүүлэх, тодорхой эцсийн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх шаардлагатай. Энэ тухай Монголчууд их ярьдаг ч, олигтой өөрчлөлт гаргаж чадахгүй өдийг хүрсэн. Гол шалтгаан нь үнийн хяналт, халамжлах хүнээ олоогүй халамж, авлига, газрын наймаа, шударга ёсыг тогтоож чадахгүй байгаа улс төржсөн шүүх засаглал, улам бүр томорч, хяналтгүй болж буй төрийн аж ахуйн бүтэц.

Энэ тал дээр Засгийн газрыг тодорхой алхам хийж, ахиц гаргана гэж нийгэм хүлээж байна. Сүүлийн үед, прокурор, генералын хэргүүд, Замын-Үүдийн гаалийн даргын 36 тэрбум төгрөгийн оффшор данс, мялзангийн вакцины луйвар гэх мэт төрийн дунд түвшний түшээдтэй холбоотой авлигын хэргүүдийг илрүүлж байгаа нь бага ч гэсэн найдлага төрүүлж байна.

ӨГҮҮЛЛҮҮД

 ИНФЛЯЦИЙН БУРУУТАН2021/08/13 МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАС ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?2021/05/13 ФИНТЕК: ЭДИЙН БУС ХӨРӨНГӨ БА ТҮҮХЭН БОЛОМЖ2021/04/29 “МОНГОЛ 2020”2021/04/22 НИЙТИЙН УДИРДЛАГА БА “ХАРВАРДЫН ЗАЛУУС”2021/03/10Бусад өгүүлэл »

https://www.facebook.com/v9.0/plugins/like.php?action=like&app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df355a570e1a80f8%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff9565a5fbf1f8%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fopinion%2F2bbe&layout=button_count&locale=en_US&sdk=joey&share=true&size=small

Related Articles

Back to top button