О.Энхжин: Ажлын ярилцлагад хэрхэн амжилттай оролцох бэ

The Apprentice Mongolia шоуны шилдэг оролцогч, Шинэхэн захирал О.Энхжин: Ажлын ярилцлагад орохдоо доорх зүйлсийг анхаарвал их зүгээр санагддаг (Ерөнхий гэхээс илүү практик дээр миний өөрийн хэрэгжүүлдэг туршлага шүү)
1.Ажил горилогчид ихэвчлэн CV-н дээр аль хэдийн бичигдсэн байгаа мэдээллээ давтан ярих тал бий. Анкетын түвшинд тэнцээд ярилцлагын шатанд ирсэн тул цаасан дээрх мэдээллийг давтан ярих шаардлагагүй.Үүний оронд тухайн салбар болон компанийн онцлогоос олж авсан мэдлэг, хийж байсан ажил тус бүрээс ямар чадвар олж, хэрхэн өсөж хөгжсөн талаараа яривал илүү оновчтой. 2.Цагаа барих – Таныг товлосон цагаас оройтож хүлээн авсан ч бай та өөрөө цагтаа ирээд хүлээж байх нь чухал үзүүлэлт 3.Сул талаа тодорхойлж сурах – Ерөнхийдөө энэ асуултад ихэнх хүмүүс дорвитой хариулт өгдөггүй. Ирэх нь тодорхой асуулт учир бэлтгэлтэй байж шударгаар хариулах хандлагатай байвал зүгээр. Миний л хувьд ийм сул талтай хүн авахгүй гэж бодохоос илүү сул талаа мэдээд илэрхийлж байгаад нь баярлан хүлээж авдаг.4.Асуулт асуух хүрээ – Эхний ярилцлага дээр хэт санхүү, цалин уруу чиглэсэн асуулт асуух тийм ч тохиромжтой биш. Ярилцлагын дараагийн шатуудад ярилцлага хийж буй хүн уг сэдвийг өөрөө нээдэг учир аль болох хүлээцтэй байвал зүгээр. 5. Үнэ цэнэ бүтээх боломжоо хуваалцах: Өөрийн чадвар, туршлагаас гадна яг тухайн компанид ямар хувь нэмэр оруулж чадах талаараа тайлбарлаж хэлэх нь сэтгэл зүйд илүү нөлөөлдөг санагддаг.Мөн өөрийгөө бодит байдлаас хэт хол зөрүүтэй дөвийлгөх тун дэмий. Хандлага болоод soft skill-г (дотоод ур чадвар) илүүтэй чухалчилж хардаг болсон цаг шүү дээ” хэмээн  зөвлөжээ.

/Эх сурвалж: О.Энхжингийн цахим хуудас/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *