Бусдаас бурханлаг гялбааг хараад байгаа бол таны бурханлаг чанар тодорч буйн шинж

…Нэгэн биеэ тоосон давилуун зантай ноён байжээ. Бусдыг хочилж доромжлохоороо бах нь ганц ханадаг байв. Замд таарсан өвгөн ламыг хараад, сурсан зангаараа:- Өвгөн гуай, таныг би юу гэж бодож байгааг мэдэж байна уу? гэж үг өдөв.

Өвгөн лам:– Юу гэж бодох нь таны хэрэг. Хэлмээр байвал хэлж ажаамуу гэхэд:- Та миний нүдэнд яг л өгөр хожуул шиг харагдаж байна гээд ноён түсхийтэл инээд алдав. Гэтэл өвгөн хариу инээмсэглэн, – Өө тийм үү гээд алга хавсрав.
Жинтэйхэн доромжлолыг нь чихгүй толгой шиг хүлээж авсанд гайхсан мань эр:- Харин би таны нүдэнд ямар харагдаж байна? гэж шалахад:
– Та миний нүдэнд яг л Будда шиг харагдаж байна гэв.
Ноён гэртээ ирээд ламыг хэрхэн мад тавьснаа сайрхан ярихад, эхнэр нь:
– Та юундаа бардаа вэ? Угтаа ламтан өгөр хожуул шиг зүрхтэй хүний нүдэнд хэн бүхэн, тэр тусмаа гэгээрсэн нэгэн ч өгөр хожуул шиг харагддаг. Будда шиг хүний нүдэнд хэн бүхэн, тэр тусмаа биеэ тоосон маанаг ч Будда шиг харагддагийг хэлж шүү дээ гэжээ.

Бусад хүн зэвүүн муухай харагдаад байвал таны дотор сэтгэл чинь зэвүүн муухай болоод байгаагийн шинж. Харин бусдаас бурханлагийн гялбааг хараад байгаа бол таны бурханлаг чанар тодорч буйн шинж.

/Эх сурвалж: Ухаарал, Бясалгал, Гэгээрэл/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *